Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-06-26
Дугаар 404
Хэргийн индекс 128/2019/0268/з
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Цэрэннадмидын Батсүрэн
Нэхэмжлэгч Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Д,
Хариуцагч Багануур дүүргийн Мэргэжлийн хяналтын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Э.Н,
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд Багануур дүүрэг 5 дугаар хороо, Хөдөө хэсэгт оршин суух Р.О,
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1,106.3.12 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.5  дахь  хэсгийг баримтлан Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын зөвлөх Д.Д-ийн гомдолыг /дүгнэлт/ хангаж, Нийслэлийн Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Э.Н-ийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “ Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0176927 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.14 дэх заалтад зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч болон эрх бүхий албан тушаалтан, гуравдагч этгээд түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.БАТСҮРЭН

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 17 дугаар хуудсанд

[2] Хэргийн 17 дугаар хуудсанд

2019 оны 06 дугаар сар 26 өдөр      Дугаар 128/ШШ2019/0404        Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Д,

Хариуцагч: Багануур дүүргийн Мэргэжлийн хяналтын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Э.Н,

Гуравдагч этгээд: Багануур дүүрэг 5 дугаар хороо, Хөдөө хэсэгт оршин суух Р.О,

Гомдлын шаардлага: “Нийслэлийн Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Э.Н-ийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0176927 дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч прокурор Д.Д, хариуцагч Э.Н, гуравдагч этгээд Р.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дүгнэлт гаргагч Д.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийн үндэслэлдээ: Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Д би Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Э.Н-ийн хялбаршуулсан журмаар шалгаж, шийтгэл оногдуулсан 19-190018 дугаартай материалыг хянасан бөгөөд Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Э.Н нь иргэн Т.Д-ын гаргасан “...Агаржин ХХК нь ажлаас урьдчилан мэдэгдэлгүй халсан...” гомдлыг хүлээн авч шалгаад “Агаржин” ХХК-ний менежер Р.О нь Хөдөлмөрийн тухай хуульд заасныг зөрчиж, Т.Д-ыг ажлаас халсан нь нотлогдсон хэмээн дүгнэн Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад зааснаар 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь илтэд үндэслэлгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад “Хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэх, хэлэлцээ хийхэд оролцсон ажилтны төлөөлөгчид Хөдөлмөрийн тухай хуульд заасныг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсан, эсхүл ажлаас нь чөлөөлсөн, эсхүл халсан бол шийтгэл ногдуулахаар   тодорхой хуульчилсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт “ажилтны төлөөлөгчид” гэж ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчдийг гэж томъёолжээ.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан Э.Н нь Агаржин ХХК-д ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгч бий эсэхийг нотлон тогтоогоогүй атлаа угаагчаар ажиллаж байсан Т.Д-ыг хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэх, хэлэлцээ хийхэд оролцсон ажилтны төлөөлөгч гэж дүгнэж, шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн иргэн Т.Д нь “Агаржин” ХХК-ний захирлын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 19 дугаартай тушаалаар “Найзууд зоог” цайны газарт угаагчаар орж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан бөгөөд ажлын цаг тасалсны улмаас “Агаржин” ХХК-ний захирал Б.Наранболор нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 21 дугаар тушаал гаргаж, түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 2.5-ийн е дэх заалтыг тус тус үндэслэн чөлөөлжээ.

Эрх бүхий албан тушаалтан нь “Агаржин” ХХК-ний захирал Б.Наранболорыг иргэн Т.Д-ыг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг буруу баримтлан, хууль зөрчиж ажлаас чөлөөлсөн байна хэмээн дүгнэж, уг компаний менежер ажилтай Р.О-т торгох шийтгэх оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, мөн хуулийн заалтыг буруу үндэслэн ажилтныг ажлаас чөлөөлсөн үйлдэл нь зөрчлийн шинжгүй, иргэний журмаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх маргаан юм.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтны 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 0176927 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив. Иймд дүгнэлтийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Э.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Э.Н миний бие 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн Агаржин ХХК нь ажлаас хүнийг халахдаа урьдчилан мэдэгдэлгүй халчихдаг гэх өргөдөл, гомдлын мөрөөр Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийж гүйцэтгэхэд ажилтан Т.Д-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байсан. Тухайн заалтаар ажилтантай хөдөлмөрийн гэрээг цуцалсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу 1 сарын өмнө мэдэгдэж халах заалттай байтал ажилтанг тэр даруй халсан нь хууль зөрчиж байна. Ажил олгогч нь хөдөлмөрийн журмыг удаа дараа зөрчсөн нь мэдүүлгээр нотлогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.5 дахь хэсгийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг үйлдсэн менежер Р.О-т 150 нэгжээр торгуулийн арга хэмжээ ногдуулсан. Тус шийдвэрийг Багануур дүүргийн хяналтын прокурор Д.Д нь үндэслэлгүй гэж үзэж дүгнэлт бичсэн нь ажил олгогчийн хууль бус шийдвэр гаргах, хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг дэмжиж буй асуудал гэж үзэж дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчоос мэдүүлэг авахад Р.О зөрчлөө хүлээн зөвшөөрсөн” гэжээ.

Гуравдагч этгээд Р.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед заавал торгох ёстой гэсний дагуу л торгуулсан ба шийтгэлийн хуудсыг зөвшөөрч гарын үсэг зурсан. Тухайн үед заавал торгоно, Зөрчлийн тухай хуулиар байгууллага нэг бол, нэг бол намайг торгоно гэсний дагуу торгуулсан.

Сүүлд нь прокурорын дүгнэлтийг уншаад хууль мэдэхгүй зөвхөн өмнөх ажлаа хийснийхээ төлөө торгуулах нь буруу гэдгийг ойлгосон. Т.Д-ыг ажлаас халсан тушаалыг гаргахдаа ч хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн гэдгээ мэдсэн ба захирлын гарын үсэг байгаа. Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын зөвлөх Д.Д нь тус шүүхэд  Нийслэлийн Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Э.Н-ийн шийдвэрлэсэн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0176927 дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар  прокурорын дүгнэлт бичжээ.    

Шүүх гомдол гаргагчийн дүгнэлт, тайлбар,  зөрчилд холбогдогчийн болон эрх бүхий албан тушаалтаны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,  хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт өгч, дараах үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий байгууллага нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргасан  зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг ... хүлээн авна” гэж зааснаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Э.Н нь иргэн Т.Д-ын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гаргасан гомдолыг хүлээн авч, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулж, маргаан бүхий Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Э.Н-ийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “ Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0176927 дугаар шийтгэлийн хуудасаар [1] “ Агаржин” ХХК-ийн менежер Р.О нь Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг зөрчин, Т.Д-ыг ажлаас гэнэт халсан нь хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар Р.О-ийг 150,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Дээрх эрх бүхий албан тушаалтны шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч прокурор дүгнэлт бичсэн байх бөгөөд прокурор дүгнэлтийн үндэслэлээ “ ... Эрх бүхий албан тушаалтан Э.Н нь “ Агаржин” ХХК-д ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгч бий эсэхийг нотлон тогтоогоогүй атлаа угаагчаар ажиллаж байсан Т.Д-ыг хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэх, хэлэлцээ хийхэд оролцсон ажилтны төлөөлөгч гэж дүгнэсэн, ... уг компаний менежер Р.О-т торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн  нь  үндэслэлгүй,  .... ажилтныг ажлаас чөлөөлсөн үйлдэл нь зөрчлийн шинжгүй, иргэний журмаар шийдвэрлүүлэх маргаан юм” гэж, хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь “ ...  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа түүнд нэг сарын өмнө мэдэгдээгүй, тэр даруйд нь халсан нь хууль зөрчсөн.... Холбогдогч Р.О-ийг тухайн компаний төлөөлөгч гэж үзсэн, Р.О  нь зөрчлөө хүлээн зөвшөөрсөн... Шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй” гэж маргажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “Агаржин” ХХК-ийн захирлын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 19 дүгээр тушаалаар Т.Д-ыг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус компаний “Найзууд зоог” цайны газарт угаагчаар ажиллуулсан байх ба мөн тус компаний захирлын 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 21 дүгээр тушаалаар Т.Д-ын хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ.

Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.5-т “ ажил олгогч хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэх, хэлэлцээ хийхэд оролцсон ажилтны төлөөлөгчдөд Хөдөлмөрийн тухай хуульд заасныг зөрчиж, сахилгын шийтгэл ногдуулсан, эсхүл ажлаас нь өөрчилсөн, халсан бол учруулсан хохирол,  нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилжээ.

Уг хуулийн зохицуулалтад хамаарах субъектийг хуульд тодорхой бөгөөд хоёрдмол утгагүйгээр тусгасан байна. Тодруулбал ажил олгогч нь хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэх, хэлэлцээ хийхэд оролцсон ажилтны төлөөлөгчдөд /субъектэд/ Хөдөлмөрийн тухай хуульд заасныг зөрчиж, сахилгын шийтгэл ногдуулсан, эсхүл ажлаас нь өөрчилсөн, халсан тохиолдолд ийнхүү шийдвэр гаргасан хүн, хуулийн этгээдийг зөрчил гаргасан гэж үзэж, шийтгэл ногдуулах зохицуулалттай байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “ ажилтны төлөөлөгчид” гэж ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчдийг ойлгоно” гэж,  Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “ ажил олгогч “ гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлнэ” гэж хуульчлан тогтоожээ. Түүнчлэн Хөдлөмөрийн тухай хуулийн 8-20 дугаар зүйлд хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах үндсэн зарчим, хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах үндэслэл, журмыг хуульчлан тогтоосон байх ба мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “ ... ажилтны төлөөлөгчид ажилтны нэрийн өмнөөс хэлэлцээ хийх, хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах эрхтэй” гэж, 12 дугаар зүйлийн 12.8-д “ Хэлэлцээнд оролцож байгаа, үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн ажилтан, сонгуультанд зохих дээд шатны байгууллагаас нь урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр тухайн сонгуульт ажилтай нь холбогдуулж, ... тэднийг хэлэлцээнд оролцсоных нь төлөө ... ажил олгогчийн санаачилгаар хэлэлцээний туршид болон хэлэлцээ дууссанаас хойш нэг жилийн дотор ажлаас халахыг хориглоно” гэж тус тус заажээ. Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд ажилтны төлөөлөгч гэж  ажилтны нэрийн өмнөөс хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад оролцож байгаа үйлдвэрчний эвлэл, үйлдвэрчний эвлэл байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон үйлдвэрчний эвлэлийн ажилтан, сонгуультанг хамааруулан ойлгохоор байна.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Э.Н нь “ Агаржин” ХХК-д ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчид бий эсэхийг нягтлан тогтоогоогүй, түүнчлэн хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй атлаа тус компанид угаагчаар ажиллаж байсан Т.Д-ыг хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэх, хэлэлцээ хийхэд оролцсон ажилтны төлөөлөгч гэж үзэж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлснийг Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн зөрчил гаргасан гэж үзсэн, түүнчлэн хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргаагүй тус компаний менежер Р.О-ийг зөрчил гаргасан этгээд  гэж дүгнэж, шийтгэл ногдуулсан нь хууль бус болжээ.

Учир нь “Агаржин” ХХК-ийн “Найзууд зоог” цайны газрын угаагч Т.Д-ыг хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэх, хэлэлцээ хийхэд оролцсон нийт ажилтны хурлаас сонгогдсон  төлөөлөгч гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй  байхын зэрэгцээ тус компаний менежер Р.О-ийг   “ажил олгогч” гэж үзэхээргүй байна.

Тодруулбал тус компаний менежер ажилтай Р.О нь  хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээд биш байх тул түүнийг зөрчил үйлдсэн этгээд гэж үзэх, түүнчлэн “Найзууд зоог” цайны газрын угаагч Т.Д-ыг  хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэх, хэлэлцээ хийхэд оролцсон ажилтны төлөөлөгч гэж үзэх хууль зүйн боломжгүй байна.

Энэхүү маргааны тохиолдолд ажилтныг ажилд авах, ажлаас чөлөөлөх, халах эрх бүхий албан тушаалтан буюу ажил олгогч нь тус компаний захирал Б.Наранболор байх тул ажил олгогч этгээд биш тус компаний менежер Р.О-ийг  Хөдөлмөрийн тухай хуульд заасан гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй  гэж үзэж, түүнийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд эрх бүхий албан тушаалтан Э.Н-ийн “ ... Р.О нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т заасан хүнийг ажлаас халахын өмнө нэг сарын өмнө мэдэгдэх ... үүргээ биелүүлээгүй байсан” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Ийнхүү эрх бүхий албан тушаалтан нь  маргаан бүхий шийтгэлийн хуудсаар[2] Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, ажил олгогч биш, зөрчил гаргаагүй этгээдэд торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д ”Энэ хуулийн зорилго нь хууль,  түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцож, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах...”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “ Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “ Шийтгэлийн зорилго нь ... зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэж, шударга ёсыг тогтооход оршино”, 3.2 дугаар зүйлийн 1-д ” зөрчил үйлдсэн ... хүнд энэ хуульд заасан шийтгэл оногдуулна ...” гэж заасныг тус тус зөрчжээ.

Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт нь Зөрчлийн болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт болон зөрчилд холбогдогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул Нийслэлийн Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Э.Н-ийн шийдвэрлэсэн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0176927 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Харин иргэн Т.Д нь ажлаас үндэслэлгүй халагдсан талаарх гомдолоо иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх эрх  нь нээлттэй бөгөөд ийнхүү шийдвэрлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1,106.3.12 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.5  дахь  хэсгийг баримтлан Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын зөвлөх Д.Д-ийн гомдолыг /дүгнэлт/ хангаж, Нийслэлийн Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Э.Н-ийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “ Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0176927 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.14 дэх заалтад зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч болон эрх бүхий албан тушаалтан, гуравдагч этгээд түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.БАТСҮРЭН

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.