Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-06-16
Дугаар 128/ШШ2020/0419
Хэргийн индекс 128/2020/0293/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Цогийн Одмаа
Нэхэмжлэгч Т.Алтанхуяг
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд Н.Оргил, Г.Адъяа
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

2020 оны 06 сарын 16 өдөр           Дугаар 128/ШШ2020/0419           Улаанбаатар хот

 

                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Т.А /РД:ЦА78110114/

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд :Н.О, Г.А

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар захирамжийн Г.А, Н.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Цолмонгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Авралтхүү нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т-ын А миний бие Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 340 дугаар захирамжаар Сүхбаатар дүүрэг Сэлхийн зусланд 0.05 га хэмжээтэй газар эзэмших эрхийг шинээр баталгаажуулж авч, удалгүй газар эзэмших эрхээ найз Д.А-д шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд Д.А нь 2005 оноос байшин, хашаа, хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөгийн шит барьж 15 жилийн хугацаанд байнга суурьшин амьдарч байна. Биднийг тухайн газар орчмын хүмүүс сайн таних бөгөөд олон жил айл саахалт болон зусч байна.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг дарга миний газартай давхцуулан 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар захирамжаар Г-н А, Н.О нарт тус бүр 650 м.кв газар эзэмших эрх олгогджээ. Н.О нь манай газрын зүүн талд өөрийнхөө хашааг татаж, бусдад ашиглуулж байсан бөгөөд хэн хэнийхээ газар эзэмших эрхийг бодитоор хүндэтгэж, газар дээрээ ямар нэгэн маргаангүй байсан. Гэтэл Алтанхуяг миний бие өөрийн эзэмшил газраа найз Д,А шилжүүлэхээр кадастрын зураг хийлгүүлж, зохих баримт бичгийг бүрдүүлэн хөөцөлдөх үедээ манай эзэмшил газрыг Г.А, Н.О нарт давхардуулан эзэмшүүлсэн болохыг кадастрын мэдээллийн сангаас олж мэдэж, холбогдох баримт материалыг хуулбарлан авсан. Газар давхцалтай, маргаантай байгаа тул газар эзэмших эрхээ шилжүүлэх боломжгүй, цаашид сунгах боломжгүй болоод байна Энэ талаар Сүхбаатар дүүргийн Газрын алба, Засаг даргад хандсан боловч шийдтэй хариу өгөөгүй бөгөөд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Нийслэлийн Засаг даргад гомдлоо гаргаж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 02-06/914 тоот албан бичгээр “шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ үү” гэх хариу авсны дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, дүүргийн Засаг даргын хууль бус захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн, хээрийн судалгаа хийлгүй, гаргасан хүсэлтийн дагуу газар дээр нь хил зааг, солбицлыг тогтоолгүй Т.А миний газартай давхцуулан Г.А, Н.О нарт газар эзэмших эрх олгосон байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар захирамжийн Г.А, Н.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч миний эрхийг сэргээн тогтоож өгнө үү.

Шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128/Ш32020/2721 дугаар шүүгчийн захирамжийн дагуу доорх нэмэлт тодруулгыг хүргүүлж байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд 2019 оны 12 дугаар сарын дундуур /өдрийг нарийн санахгүй байна/ хүсэлтээ өгсөн байсан. Газрын алба 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хариу өгч, холбогдох газрын хувийн хэрэг /2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Хуулбар үнэн" дардастай/-ийг хуулбарлаж өгсөн байна. Энэхүү албан бичгийн дагуу газар давхцалтай гэдгийг нэхэмжлэгч Т.А анх мэдсэн. Үүний дагуу дээд шатны байгууллага болох Нийслэлийн Засаг даргад гомдлоо гаргаж, 2020 оны 03 дугаар сарын 04-ний албан бичгээр хариугаа авч, шүүхэд хандсан болно. 2005 онд олгогдсон газар эзэмших эрх байсан тул 15 жилийн хугацаа нь дуусах хараахан болоогүй, газраа бодитоор ямар ч маргаангүй эзэмшиж, ашиглаж байсан тул энэхүү давхцлыг мэдэх боломжгүй байсан. Манайх хашаагаа барихдаа Г.А, Н.О нартай зөвшилцөж, би өөрийн эзэмшил газрын хашаагаа өөрөө барьж, үлдсэн хэсгийг нь Адъяа, Н.О нар барьж байсан. Тэдгээр иргэд миний газрыг авах ямар нэг хүсэл, сонирхолгүй байгаа, шүүхэд миний талд тайлбараа өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “2005 оны 12 дугаар сарын 20 өдрийн 340 дугээр захирамжаар нэхэмжлэгч Т.А-т Сухбаатар дүүргийн Сэлхийн зусланд 0.05га газар эзэмших эрх олгож байсан байна. 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар захирамжаар Г.А, Н.О нарт газар эзэмшүүлсэн байна. Гэвч уг газарт бодит байдал дээр эдгээр хоёр иргэний газар давхцалгүй байна. Иймд дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй юм. Мэдээллийн сангийн давхцал нь дүүргийн Газар зохион байгуулалтын чиг үүрэгт хамаарна” гэжээ.

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 1.Нэхэмжлэлд:”... Сүхбаатар дүүргийн Засаг дарга миний газартай давхцуулан 2007 оны 07-р сарын 05-ны өдрийн 200 дугаар захирамжаар Г.А, Н.О нарт тус бүр 650 м.кв газар эзэмших эрх олгогджээ...” гэжээ.

Г.А, Н.О нар нь анх тухайн газрыг авах үед Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт ”хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэсний дагуу ямар нэг зөрчилгүй байсан учраас захирамж, гэрээ, гэрчилгээ гарсан гэдэг нь тодорхой асуудал юм.

2. Нэхэмжлэлд “... Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2019 оны 12-р сарын дундуур /өдрийг нарийн санахгүй байна/ хүсэлтээ өгсөн байна. Газрын алба 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хариу өгч, холбогдох газрын хувийн хэрэг /2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Хуулбар үнэн” дардастай хувийг хуулбарлаж өгсөн байна" гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт ”... иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй” гэжээ.

Нэхэмжлэгч Т.А нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын хэзээ гаргасан, ямар захирамж /шийдвэр/-ийн улмаас, ямар эрх ашиг нь хөндөгдөж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандсан.

Тодруулбал: Нэхэмжлэлд бичигдсэнээр нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт 2005 оноос хойш 15 гаруй жил амьдарч байгаа бол газар “давхацсан” асуудлыг хэзээ мэдээд байгаа, түүнийг нь эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд нь хянаад ямар хариу өгсөн, тэрхүү хариу нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны эрх олгогджээ...” гэжээ.

Г.А, Н.О нар нь анх тухайн газрыг авах үед Газрын тухай хуулийн байгууллагад гаргана” гэсэнтэй хэрхэн нийцэж байгаа зэрэг асуудлууд нь тодорхойгүй байна.

“15 жил” гэдэг бага хугацаа бишээс гадна нэхэмжлэгч Т.А нь өөрийн газар нь давцхацсан гэдгийг “мэдэх боломжтой, үүрэгтэй” байхад үүнийгээ “мэдэхгүй" байх ямар ч боломжгүй юм. Харин ч нэхэмжлэгч Т.А нь газраа бусдад /Д.Авралтхүүд/ зарах гэж байхдаа газраа "гэнэт" бусдын газартай давхацсан гэдгийг мэдсэн нь өөрөө дээр дурдсан хуультай нийцэхгүй, шаардлага гаргах “хөөн хэлэлцэх хугацаа" хэтэрсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй төдийгүй Т.А-н “хууль бус” шаардлагаас болж бусдын /Г.А, Н.О/ нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болохгүй юм.

Иймд Т.А /Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А/-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.А-с нэхэмжлэлийн шаардлагаа “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар захирамжийн хавсралтын Г.А, Н.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон бөгөөд шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Т.А-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсэгт хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Т.А нь 2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн газрын албанд “Сүхбаатар дүүргийн Сэлхийн зусланд зуслангийн байшин барьж амьдрах хүсэлтэй байх тул зохих журмын дагуу газар олгож өгнө үү” гэх хүсэлтийг гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 340 дүгээр захирамжаар Т.А-т Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо /хуучнаар/ Сэлхийн зусланд 500 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Харин гуравдагч этгээд Н.О, Г.А нар нь 2007 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн газрын албанд “Сүхбаатар дүүргийн Сэлхийн аманд Монголын Үйлдвэрчний Төв зөвлөлийн зусланд хамрагдах зуслангийн газрыг миний нэр дээр олгож өгнө үү” гэх хүсэлтийг тус тусдаа гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар захирамжаар Н.О, Г.А нарт тус тус Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо /хуучнаар/ Сэлхийн зусланд тус бүр 650 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-д “Дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна: эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх” гэж заасны дагуу захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгч Т.А-н кадастрын зургийг үйлдэж, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж оруулаагүй, оруулаагүйн улмаас газрын давхцал үүссэн болох нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас тус шүүхэд ирүүлсэн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2/1342, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 3/1668 дугаар албан бичгүүдээр тус тус тогтоогдож байна.

Нөгөөтэйгүүр Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана: эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил” гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.А нь анх 2005 онд газар эзэмших хүсэлт гаргахдаа бус, 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 700м2 газрын кадастрын зургийг “Ш к” ХХК-иар үйлдүүлсэн нь Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хадгалагдаж буй нэхэмжлэгчийн хувийн хэрэгт авагдсан байна.

Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд нар 2007 оны 5 дугаар сард газар эзэмших хүсэлт гаргаж, түүнийг үндэслэн тэдгээрт газар эзэмших эрх олгогдсоны дараа нэхэмжлэгчийн зүгээс 700м2 кадастрын зураг үйлдүүлэн Сүхбаатар дүүргийн Газрын албанд /хуучин нэрээр/ өгсөн байх бөгөөд энэ үед захиргааны байгууллагын зүгээс газрын давхцал үүссэнийг мэдэх боломжтой, арилгах боломжтой байсан байна.

Нэхэмжлэгчийн хувьд өөрийн эзэмшиж буй газрын кадастрын зургийг баталгаажуулаагүй хэдий ч бодитоор 2007 оноос байшин барьж эзэмшсэн байх тул тухайн байшингийн доорх газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх нь зүйтэй бөгөөд энэ хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар захирамжаар Г.Ад эзэмшүүлсэн 650 м2 газрын нэхэмжлэгч Т.А-н байшинтай давхцалтай хэсэг болох 48 м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүхээс нэхэмжлэгчийн 2007 онд үйлдүүлсэн кадастрын зургийг гуравдагч этгээд нарын эзэмшиж буй нийт 1300 м2 газартай давхцуулан үзэхэд  нэхэмжлэгчийн эзэмшихээр кадастрын зураг хийлгэсэн газар нь гуравдагч этгээд Г.Агийн эзэмшиж буй газартай 301 м2, түүнчлэн тус газарт 48м2 байшин барьсан, Н.Оын эзэмшиж буй газартай 310 м2 тус тус давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 3/1668 дугаар албан бичгээр ирүүлсэн хавсралтаар тогтоогдож байх боловч нэхэмжлэгчид 700м2 бус 500 м2 эзэмших эрхийг хариуцагчийн зүгээс олгосон учир давхцалтай 452м2 газрын /500-48/ хил зааг, орц гарцын асуудал нь шүүхийн шинжлэх судлах хэмжээнээс хэтэрсэн, захиргааны байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

Учир нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын мэдээллийн сан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Google earth програмд хийсэн үзлэгээр тус тус маргаан бүхий газрын 2009 оноос хойшхи агаарын болон сансрын зургаас харахад нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээд нарын зуслангийн байшин байх бөгөөд 2005-2009 оны зураг хадгалагдаагүй байна.

Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хувьд 2007 оноос хойш зундаа зусланд гардаг, хэн алинд нь өрхийн бүртгэлийн дэвтэр байхгүй талаар тус тус хэргийн оролцогчид маргаагүй.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид 500м2 газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан хэдий ч нэхэмжлэгч өөрийн “газар эзэмших хүсэлт гаргахдаа газрын кадастрын зургаа үйлдүүлж газар эзэмших хүсэлтэд хавсаргаагүй”, захиргааны байгууллагын зүгээс “нэхэмжлэгчийн 2007 оны 700м2 газрын кадастрын зургийг хүлээн авмагцаа мэдээллийн санд оруулан давхцлын асуудлыг шийдвэрлээгүй” тус тус буруутай үйлдлийн улмаас гуравдагч этгээд нарын газартай давхцал үүссэн болохыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байх бөгөөд газрын хэмжээг багасган эзэмшүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул захиргааны байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд байшингийн доорх газар болох 48 м2 газраас үлдэх 452 м2 газрыг нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарт орц гарцын асуудлыг холбогдох журмын дагуу дахин шинэ акт гаргах замаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Т.А-с нэхэмжлэлийн шаардлагаа “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар захирамжийн хавсралтын Г.А, Н.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон бөгөөд гуравдагч этгээд нарын эзэмшиж буй 1300 м2 газартай давхцалгүй хэсэг болох 800м2 газрын хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул энэ хэсэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас “маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх”, гуравдагч этгээдийн зүгээс “нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд засвар оруулсан эсэхэд шинжээч томилуулах” хүсэлтээсээ тус тус татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.11, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2.2-т /энэ заалтад 2018.06.21-ний өдөр нэмэлт орсон/ тус тус заасныг баримтлан Т.А-с Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар захирамжийн хавсралтаар Г.Ад эзэмшүүлсэн 650 м2 газраас 48м2 газарт холбогдох хэсэг”-ийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар захирамжийн хавсралтын Г.А, Н.О нарт холбогдох хэсгээс давхцалгүй 800м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсэг болох “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар захирамжийн хавсралтын Г.А, Н.О нарт холбогдох хэсгээс 452м2 газартай холбоотойгоор хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл дээрх маргаан захирамжийн маргаан бүхий 452м2 газарт холбогдох хэсэг”-ийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу хариуцагчийн зүгээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар захирамжийн хавсралтын Г.А, Н.О нарт холбогдох хэсгээс 452м2 газартай холбоотой хэсэг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Ц.ОДМАА

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.