Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2019-08-22
Дугаар 221/МА2019/0434
Хэргийн индекс 128/2019/0181/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Очирбатын Номуулин
Нэхэмжлэгч “Ү а к” ХХК
Хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А нар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 88.1.4.шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах.
Шийдвэрийн товч

 

“Ү а к” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, П.У нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0405 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор “Үлэмж агь катринг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0405 дугаар шийдвэрээр: 2008 оны Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-18.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай 2001 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 7.6, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай 2006 оны хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасныг тус тус баримтлан “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.М, Б.А, Ц.Ц нарын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2300129 тоот актын Тогтоох хэсгийн 1.1-д заасан 2013 онд 63.779.900 төгрөгийн худалдан авалтыг НӨАТ-ын тайланд тайлагнаж, төлөх татварын дүнг бууруулсан зөрчилд 6.377.990 төгрөгийн нөхөн татвар, Тогтоох хэсгийн 1.3-д заасан 2013 онд 63.779.900 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг ААНОАТатварын тайланд хасч тайлагнасан зөрчилд 6.377.990 төгрөгийн нөхөн татварыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэгч “Үлэмж агь катринг” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх шийдвэрийн үндэслэлээ “нэхэмжлэгч хуулиар хүлээсэн татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй буюу шаардлага хангасан холбогдох нотлох баримтууд болон анхан шатны баримтуудыг хяналт шалгалт хийх тухайн үед хариуцагчид гаргаж өгөөгүй, зардлаа шаардлага хангасан баримтуудаар нотлоогүй...” гэж үнэлэлт дүгнэлт өгч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл “Ү а к” ХХК нь Архангай аймгийн Цэцэрлэг сум, Хужирт багийн малчин Н.Мөнхжингөөс мал авдаг тухай малын эмчийн тодорхойлолт, багийн засаг даргын тодорхойлолт, малчин Н.М-ийн өөрийн гараар бичиж малчны тамгаа дарсан тодорхойлолт, Төв аймгийн Баянчандмань сумын малчин Д.У-ийн талаар багийн засаг даргын тодорхойлолт, Н.М-өөс малын мах авсан зарлагын баримтуудыг эх хувиар нь нотлох баримтаар гаргаж өгсөн байхад шүүх үнэлж дүгнээгүй. Багийн засаг даргын тодорхойлолт, малын эмчийн бичиг, малчны тодорхойлолтууд нь “Ү а к” ХХК-ийн мах авсан гэх зарлагын баримтыг дэмжсэн, тус баримтыг баталсан нотлох баримтууд юм. Гэтэл шүүх зөвхөн зарлагын баримтын хүрээнд үнэлэлт дүгнэлт өгсөнд гомдолтой байна. Малчин өрх нь мах авсан байгууллага бүрт Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтыг тэр бүр гаргаж өгөх бололцоо байхгүй. Анхан шатны шүүх нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнэж чадаагүй, хуульд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

                                                                    ХЯНАВАЛ:      

Анхан шатны шүүхээс гаргасан шийтгэврийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д зааснаар “анхан шатны шүүхийн шийдвэр” гэж захиргааны хэргийн анхан шатны шүүхээс захиргааны хэргийг хянан шийдвэрлээд гаргасан шийдвэрийг ойлгохоор бол хуулийн 3.1.8-д зааснаар “шийтгэвэр” гэж захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил гаргасан этгээдэд хуульд заасны дагуу хариуцлага оногдуулсан шийдвэрийг ойлгохоор зохицуулжээ.

Гэтэл анхан шатны шүүх “Ү а к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, Б.А, Ц.Ц нарт холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “шийтгэвэр” гаргасан нь дээр дурдсан хуулийг ноцтой зөрчсөн, захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн эрхийн акт гэж үзэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

Ийнхүү захиргааны хэргийг “шийтгэвэр”-ээр хянан шийдвэрлэснийг шүүхийн шийдвэртэй адилтган үзэж  хянах боломжгүй, энэхүү алдааг давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулж залруулах эрхгүй тул хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх дахин ийм алдаа гаргахгүй байхыг анхаарвал зохино.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0405 дугаар шийтгэвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                   Г.БИЛГҮҮН  

                ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.