Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2019-10-02
Дугаар 221/МА2019/0511
Хэргийн индекс 120/2018/0020/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Энхбатын Зоригтбаатар
Нэхэмжлэгч "ТМ" ХХК
Хариуцагч Улсын байцаагч Э.Б, Ц.М
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 88.1.1.нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгох;
Шийдвэрийн товч

             

 

 

 

 

 

 

                                  “Т.М ” ХХК-ийн гомдолтой

                                  захиргааны хэргийн тухай         

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулан, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 120/ШШ2019/0017 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Э.Б ий давж заалдах гомдлоор,  “Т.М ” ХХК-ийн гомдолтой, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Б , Б.М  нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 120/ШШ2019/0017 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Т.М  ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Б , Б.М  нарын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1102201884 дугаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Э.Б  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“Анхан шатны шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад дахин зөрчлийн хэрэг нээж шийтгэлийн хуудас үйлдэж “Т.М ” ХХК-д хариуцлага хүлээлгэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн байна.

Зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж байх явцад хяналтын прокурор Д.М   нь “Хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд дахин зөрчлийн хэрэг нээж шийтгэлийн хуудас бичиж болно” гэж хэлж байсан. Үүний дагуу эрх бүхий албан тушаалтан зөрчлийн  хэрэг нээж “Т.М ” ХХК-д хариуцлага хүлээлгэсэн болно.

Улсын төсвийн төлөгдөх ёстой мөнгөн төлбөрийг татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар нөхөн төлүүлэх ажиллагааг хийсэн гэж үзэж байгаа.

Энэ хэрэгт хяналт тавьж байсан прокурор Д.М   төрийн ашиг сонирхол илтэд хохирсон байхад шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан нь ойлгомжгүй байгааг давж заалдах шатны шүүх нь хянаж үзэх нь зүйтэй гэж байна.

Иймд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 120/ШШ2019/0017 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

“Т.М ” ХХК-аас “Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1102201884 дугаар шийтгэлийн хуудасыг хүчингүй болгуулах” гомдлыг анхан шатны шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх нь гомдол гаргагч “Т.М ” ХХК-д шийтгэлийн оногдуулахдаа хуудсаар шийтгэл бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нэгэнт зөрчлийн үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр байгаа гэсэн үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн хүчин төгөлдөр захирамж байгаа гэх тухайд:

“...“М.Г.Э.И ” ХХК-ийн захирал Р.Батсуурь нь 1060 аж ахуй нэгжтэй 139.2 гаруй тэрбум төгрөгийн, “Д” ХХК-ийн нэрээр 470 аж ахуй нэгжтэй 55.1 гаруй тэрбум төгрөгийн, нийтдээ 1530 аж ахуй нэгжтэй 194.3 гаруй тэрбум төгрөгийн хуурамч гэрээ байгуулж, Монгол Улсын хилээр бусдын импортолсон бараа материалын баримтуудыг  хууль бусаар ашиглан импортоор оруулж ирсэн мэтээр гаалийн бүрдүүлэлт хийж өгч байсан... тус хуулийн этгээд нь байнгын үйл ажиллагаа явуулдаггүй...” болох нь тогтоогдсон бөгөөд тэдгээр гэрээ байгуулан худалдаа хийсэн аж ахуй нэгжүүдийн дотор “Т.М ” ХХК багтсан байжээ.

Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.М , Э.Б  нар нь “Т.М ” ХХК-д холбогдох 1828000115 дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 114.000.000 төгрөгийн хуурамч хий бичилттэй падаанаар татвар ногдох орлогыг бууруулсан гэх зөрчил үйлдсэнийг тогтоож, улмаар 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1102201845 дугаартай шийтгэлийн хуудсаар “Т.М ” ХХК-д 11.400.000 төгрөгийн нөхөн татвар, 3.420.000 төгрөгийн торгууль, 4.862.100 төгрөгийн алданги, нийт 19.682.100 төгрөгийн торгууль оногдуулсан байна.

Харин үүний дараа 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Прокурорын газрын прокурор Д.М   “...”Т.М ” ХХК-ийн холбогдох материалыг хянахад зөрчлийн холбогдогч С.Дарьбазараас мэдүүлэг авахдаа өмгөөлүүлэх эрхээр хангаагүй, эрх бүхий албан тушаалтны удирдах албан тушаалтанд гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй ...” гэсэн үндэслэлээр татварын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1102201845 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд 06 дугаар дүгнэлт бичжээ.

Татварын улсын байцаагч Э.Б , Б.М   нар 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 06 дугаар прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тул Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 120/Ш32018/00014 дүгээр захирамжаар 1102201845 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг хариуцагч зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хэрэгт баримтаар авагдсан байна.

Дүгнэвэл, татварын улсын байцаагчийн зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа хийх явцдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.2-т “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах” 2.6-д “эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах” гэсэн заалтуудыг зөрчсөн, энэ нь процессын алдаа байсан учир дээрх шийтгэлийн хуудас хүчингүй болсон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, энэ нь “Т.М ” ХХК-ийн татварын улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон зөрчлийн үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийж, улмаар уг хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шийдвэр биш юм.

Татварын улсын байцаагч нь “Т.М ” ХХК-ийн гаргасан зөрчилд оногдуулсан шийтгэлийн хуудас нь процессын алдааны улмаас хүчингүй болсон боловч дээрх алдааг засах залруулах үүндээс дахин шинээр акт /захиргааны актын хувьд өөр акт/ гаргасанд хариуцагчийг буруутгах боломжгүй учир маргаан бүхий актыг “шүүгчийн хүчин төгөлдөр захирамж байгаа” гэсэн үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй.

Бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэсэн тухайд:

Анхан шатны шүүх нь “...Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх... эрх бүхий албан тушаалтан шүүгчийн захирамжаар хүчингүй болсон 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1102201845 дугаартай шийтгэлийн хуудасны хэлбэрийг өөрчлөн... зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэх боломжтой...” гэж дахин зөрчлийн захиргааны акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны үйл ажиллагаанд бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг баримтлахаар хуульчилсныг зөрчсөн шийдвэр...нэгэнт зөрчлийн үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хуулийн хүчингүй төгөлдөр бус байх тул энэ талаар дахин гаргасан 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1102201884 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох зүйтэй” гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.

Зүй нь, “Т.М ” ХХК “М.Г.Э.И ” ХХК-аас 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 114.000.000 төгрөгийн худалдан авалт хийсэн, дээрх худалдан авалтаас олгогдсон 0018682267 дугаар  бүхий падаан нь хий бичилттэй байсан гэдэг нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан,  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10а3/827 дугаар албан бичиг, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 07/778 дугаар албан бичиг, мөн Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолоор хуурамч бичилттэй болох нь тогтоогдсон, мөн “Т.М ” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа хасалт хийж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өртөгт оруулан тооцсон зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдсон.

 Үүнд татварын улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1102201884 дүгээр шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн  20.1.4-д “хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх”, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн  18.1.1-т “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т ”Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэсэн заалттай нийцсэн байх тул гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Дээрх үйл баримтуудаас дүгнэн үзвэл, “Т.М ” ХХК-ийн гаргасан зөрчил нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон, маргаан бүхий актыг урьд шүүгчийн захирамжаар хүчингүй болсон 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1102201845 дугаар шийтгэлийн хуудастай адилтган үзэх боломжгүйгээс гадна  гомдол гаргагчийн дээрх зөрчилд оногдуулсан торгууль нь өдийг хүртэл төлөгдөөгүй хэвээр байгаа, мөн түүнчлэн татварын улсын байцаагчийн гаргасан процессын алдаа нь уг хуулийн этгээдийн гаргасан зөрчилд оногдуулсан шийтгэлээс чөлөөлөх хууль зүйн үндэслэл болох боломжгүйг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэжээ.

Хэдийгээр “Т.М ” ХХК-ийн зүгээс “бодит худалдан авалт хийсэн” гэж тайлбарлаж байгаа боловч худалдсан гэх тал ямар нэгэн худалдаа хийдэггүй, харин зөвхөн иргэн аж, ахуй нэгж нэгжүүдэд худалдан авалт хийсэн мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын баримт гаргаж өгдөг байсан нь тогтоогдсон.

Тодруулбал, Р.Батсуурь нь “М.Г.Э.И ” ХХК, “Д” ХХК-ийн нэрээр  194 тэрбум 300 сая төгрөгийн бараа худалдсан гэх боловч ямар ч бодит худалдаа хийгээгүй нь тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх гомдол гаргагчийн гаргасан гомдлын хүрээнд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон шийдвэрлэхдээ талуудын маргаж буй үйл баримтын талаар дүгнэлт хийгээгүй, холбогдох шүүгчийн захирамж нь одоо гаргаж буй гомдолд дурьдсан маргааны үйл баримтуудыг хооронд нь харьцуулан дүн шинжилгээ хийж тогтоогоогүй нь буруу болсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн  гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 120/ШШ2019/0017 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1102201884 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

  

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

          ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

         ШҮҮГЧ                                                                        Э.ЗОРИГТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 120/ШШ2019/0017 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1102201884 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

  

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

          ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

         ШҮҮГЧ                                                                        Э.ЗОРИГТБААТАР

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.