Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2020-08-11
Дугаар 221/МА2020/0483
Хэргийн индекс 128/2019/0903/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Даваанямын Оюумаа
Нэхэмжлэгч ТМ ХХК
Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Х.Н, Ж.Э
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТМ ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, Э.Лхагвасүрэн шүүгч, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, Ч.Ц, Б.Ч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 304 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу ТМ ХХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Н, Ж.Э нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 304 дүгээр шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 11.19 дүгээр зүйлийн 3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.1, 1.5, 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан ТМ ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч татварын улсын байцаагч Х.Н, Ж.Э нарын 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 0300314 дүгээр шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийн хуудасны 2, 4, 6 дахь хэсэгт хамаарах зөрчилд оногдуулсан 5,586,766,290.00 төгрөгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсэг болох маргаан бүхий шийтгэлийн хуудасны 1, 3, 5 дахь хэсэгт хамаарах зөрчилд оногдуулсан 210,764,838.80 төгрөгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан гомдол гаргагч ТМ ХХК-д олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т давж заалдах гомдолдоо: “...ТМ ХХК-ийн гомдлоор Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын улсын байцаагч Х.Н, Ж.Э нарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 304 дүгээр шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 304 дүгээр шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны нэг, гурав, тавдугаарт дугаарлагдсан зөрчил дээр маргаан байхгүй, гэвч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд бүхэлд нь хүчингүй болгуулах нь зүйтэй гэж гэж гомдол гаргагч нь тайлбарласныг хэргийн оролцогчдын маргаагүй хэсэгт дүгнэлт өгөхгүй байх нь зөв гэж үзэж маргасан хэсгүүдэд заасан зөрчлийн тогтоогдсон байдал буюу татвар ногдуулалт төлөлтийн байдалд дүгнэлт өгөхгүйгээр гомдлын шаардлагын хэсэгчлэн хангасныг тэмдэглэж байна гэжээ. Дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Шүүх татвар төлөгч буюу гомдол гаргагчийн маргаагүй хэсэг буюу шийтгэлийн хуудасны зөрчлийн тэмдэглэлийн 1, 3, 5 хэсэгт хамаарах 210,764,838,80 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухай сонсгосон атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт дээрх дүнгээр төлбөрийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.13-д нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох гэж заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанаар гаргасан шийдвэр нь бичгийн хэлбэрт орсон энэхүү шийдвэрээс өөр байгаа нь хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байна. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Шүүх ийнхүү хэсэгчлэн хангахдаа хамгийн гол нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зөрчсөн тухайд дүгнэлт хийсэн. Учир нь Татварын ерөнхий хуульд заасны дагуу ТМ ХХК нь татвар төлөгчийн хувьд татвар ногдох зүйл татвараа үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй, нөгөө талд эрх бүхий улсын байцаагч хяналт шалгалтыг хэрэгжүүлж зөрчил гаргасан нь тогтоогдвол хариуцлага тооцох, албадлагын арга хэмжээ авах бүрэн эрхтэй. ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 6.6.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, зөрчил гаргаагүй гэж маргаж байхад хариуцагчаас зөрчил ил тодорхой болсон гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй гэжээ. Дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасны дагуу татвараа үнэн зөв тодорхойлж хуулиар тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй. Энэхүү хуульд заасан үүргээ биелүүлж байгаа эсэхийг татварын алба татварын улсын байцаагч Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу хяналт шалгалт хийж татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгадаг. Татварын улсын байцаагч нь татварын хяналт шалгалтыг ТМ ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтууд, татварын албаны бүртгэл мэдээллийн сангийн хөндлөнгийн мэдээлэл болон бусад баримтад тулгуурлан гүйцэтгэсэн бөгөөд шалгалтын явцад шаардагдах нотлох баримтыг татвар төлөгчөөс авч байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримт материалын хүсэлтийн дагуу гаргаж өгсөн баримтын жагсаалтаас харагдана. Түүнчлэн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гүйцэтгэх захирал Д.Т, Хуулийн газрын захирал Б.Ч, Санхүүгийн албаны дарга С.А нартай уулзалт хийж байсан нь уулзалтын тэмдэглэл зэргээр тогтоогдоно.

Дээрх байдал нь татвар төлөгчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нөгөө талаас шийтгэлийн хуудсаар ногдуулсан зөрчилд холбогдох татвар төлөгдсөн талаарх нотлох баримт байхгүйг баталж байна. Өөрөөр хэлбэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 6.6.1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол” гэж заасныг үндэслэн хялбаршуулсан журмаар зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн нь хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байна. Учир нь Шүүхээс татвар төлөгчийг маргаж байхад хялбаршуулан шийдвэрлэсэн нь буруу гэж үзсэн нь үндэслэлгүй. Дээр дурдсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ” гэж заасан нь зөрчлийг хүлээн зөвшөөрсөн бол хялбаршуулан шийдвэрлэнэ гэсэн ойлголт биш бөгөөд зөрчил үйлдэгдсэн нь санхүүгийн анхан шатны баримт болон татварын тайлангаар нотлогдсон зөрчил биш гэж үзсэн тохиолдолд тухайн татварыг улсад төлсөн талаарх нотлох баримт татвар төлөгчид байхгүй зэргийг шүүх дүгнээгүй.

3. Шүүхийн тогтоох хэсэгт гомдол гаргагчийн гаргасан гэх зөрчилд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг нээж шалган шийдвэрлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй гэсэн атлаа шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь өөрөө өөрийнхөө шийдвэрийг үгүйсгэсэн үндэслэл бүхий болж чадаагүй. Татварын хяналт шалгалтын явцад тухайн зөрчлийг үгүйсгэх санхүүгийн болон бусад баримтыг татварын улсын байцаагчид тайлбарлах, нотлох эрх нь татвар төлөгчид бүрэн байдаг, Түүнчлэн хэрэв шийтгэлийн хуудсаар ногдуулсан татварыг төлөх үндэслэлгүй, төлсөн гэх нотолгоо байх тохиолдолд шүүхэд тухайн баримтыг гаргаж өгч эрх ашгаа хамгаалах эрх нь гомдол гаргагчид нээлттэй байгаа. Зөрчлийн хэрэг нээх гол үндэслэл нь нотлох баримт цуглуулах, түүнийг үнэлэх ажиллагаа байдаг. Тухайн компанийн тухайд шүүхийн үзсэнчлэн зөрчлийн хэрэг нээх тохиолдолд тухайн зөрчлийг үгүйсгэх нотлох баримт байхгүй, цаашид ч гарч ирэхгүй, нөгөө талаас нягтлан бодох бүртгэл болон анхан шатны баримт тайлан тэнцлээр уг зөрчил нь хангалттай нотлогдсон болно.

Мөн гомдол гаргагч болон хариуцагчийн тухайд хууль хэрэглээний маргаан байгаа гэдэгт маргаагүй бөгөөд энэ нь зөрчлийн хэрэг нээснээр шийдэгдэх асуудал биш болно. Мөн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр компанийн гүйцэтгэх удирдлагуудтай ярилцлага хийхэд Санхүүгийн албаны дарга С.А нь орчуулга хийж байсан бөгөөд “цаашид орчуулагчаар би ажиллана” гэж байсан зэрэг нь тэдэнтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлээс харагдах бөгөөд энэ ажиллагаатай холбогдуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12.1-т заасны дагуу Прокурорт гомдол гаргаагүй нь энэ хэсгээр шүүхэд маргах эрхгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 304 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Үндэсний татварын албаны Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Х 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 21190400081 дугаар Татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Н, Ж.Э нар нь ТМ ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд санхүүгийн тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан мэдээ, хөндлөнгийн мэдээлэл зэрэгт үндэслэн иж бүрэн хяналт шалгалтыг хийсэн байна.

Ийнхүү Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3,4 дэх заалт, 1.5 дугаар зүйлийн 8 дахь заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийг удирдлага болгон Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, 4, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 0300314 дүгээр шийтгэлийн хуудсаар нийт 5,797,531,128.80 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэжээ.

Үүнд анхан шатны шүүх “Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчилд тооцох, шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, зөрчил гаргаагүй гэж маргаж байхад хариуцагчаас зөрчил ил тодорхой болсон гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлд заасны дагуу холбогдогчийн эрхийг эдлүүлээгүй байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 болон 1.2-т зааснаар зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй ба зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийхээр байх боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалд гомдол гаргагчийн зүгээс хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг хүлээн зөвшөөрсөн баримт авагдаагүй байх бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл”, “Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл”, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг гардуулсан тухай тэмдэглэл” зэрэгт “ТМ” ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурагдаагүй байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 14 дүгээр зүйлд заасан эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг тэмдэглэлээр бэхжүүлж, мэдүүлэг өгсөн хүн гарын үсэг зурж баталгаажуулах хуулийн зохицуулалтуудыг хангаагүй байна.

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагааны материалаас үзвэл, эрх бүхий албан тушаалтан болох татварын улсын байцаагч нар нь хяналт шалгалтын үр дүнд 5 төрлийн зөрчлийг илрүүлсэн тухайгаа тайлбарлаж, харин зөрчлийн дүн буюу учирсан хохирлын хэмжээг бүрэн тооцоолол хийсний дараа танилцуулахаа гомдол гаргагчийн удирдлага болон холбогдох ажилтнуудад мэдэгдсэн тухай Уулзалтын тэмдэглэлийг 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн байна. Мөн уг тэмдэглэлд Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийг урьдчилан танилцуулж байгаа бөгөөд уг хуулийн дагуу Холбогдогчоос мэдүүлэг авахыг  сануулсан байна. Улмаар 2018 оны 9 сарын 23-ны өдөр буюу зөрчлийг гомдол гаргагчид танилцуулснаас хойш 28 хоногийн дараа Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах 0300314 дугаартай Шийтгэлийн хуудсыг үйлдэж нийт 34 хуудас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, учирсан хохирлыг тооцоолсон тооцолол бүхий материалыг хавсаргаж гомдол гаргагчид гардуулжээ. 

Дээрхээс үзвэл хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа зөрчлийг тогтоох болон учирсон хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2: “... “Зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг ойлгоно” гэж заасны дагуу ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй, мөн хуулийн 6.1 дүгээр зүйл: “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” 2.3 “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх”, 2.4 “зөрчлийн хэрэг нээх” гэсэн заалтуудыг зөрчиж зөрчлийг илрүүлснээ танилцуулснаас хойш ажлын 3 өдрийн дотор биш харин 28 өдрийн дараа хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэсэн тухай Шийтгэлийн хуудсыг гаргасан байна.

Хариуцагч нь мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, зөрчил гаргаагүй гэж гомдол гаргагч маргаж, тайлбар хийсэн нь 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Уулзалтын тэмдэглэлд тусгагдсан байхад хариуцагчаас зөрчил ил тодорхой гэж үзсэн, зөрчлийг танилцуулах үед учирсан хохирлын хэмжээ тодорхойгүй байгаа талаар хариуцагч өөрөө татвар төлөгчид мэдэгдсэн атлаа учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй гэж үзсэн нь хууль зөрчсөн гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Зөрчлийг гомдол гаргагчид танилцуулсны дараа хариуцагч зөрчлийн дүн буюу учирсан хохирлыг нотлох ажиллагааг 28 өдрийн дотор хийхдээ татварын хяналт шалгалтын болон зөрчил шалган шийдвэрлэх ямар тодорхой ажиллагаа хийсэн нь тодорхойгүй, энэ талаарх баримтгүй байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дагуу хийгээгүй нь хариуцагчийн тогтоосон зөрчлийн дүнгийн тооцоолол нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дүгээр зүйлийн 5-д “хууль заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн үндэслэл болохгүй” гэсний дагуу нотлох баримтын шаардлага хангахгүй гэсэн гомдол гаргагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзлээ.

Мөн хариуцагчаас гомдол гаргагчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан холбогдогчийн эрхийг эдлүүлсэн болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материал болон хэргийн оролцогч нарын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдохгүй байх тул дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 0300314 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хэргийн оролцогчдийн тайлбар болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараас үзвэл гомдол гаргагч “ТМ” ХХК нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргах үндэслэл болсон “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”-д дурьдагдсан зургаан зөрчлийн нэг, гурав, тавдугаарт дугаарлагдсан зөрчил дээр маргаагүй хэмээн гомдлын үндэслэлээ тайлбарласнаар маргаан бүхий шийтгэх хуудасны холбогдох хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй. 

Хэдийгээр хариуцагч нь татварын хяналт шалгалт хийх журмын дагуу зөрчлийг

илрүүлсэн боловч Зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд зөрчлийн талаар гомдол гаргагчид танилцуулснаас хойш шийтгэлийн хуудсыг гардуулах хүртэлх хугацаанд холбогдогчоос мэдүүлэг аваагүй, холбогдогчид эрх, үүргийг нь танилцуулаагүй, нотлох баримт шалгуулах, шинээр нотлох баримт гаргаж өгөх тухай гаргасан хүсэлтийг нь албажуулаагүй, зөрчлийг эс зөвшөөрч гаргасан тайлбарыг нь уулзалтын, ярилцлагын болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд тусгаагүй, зөрчлийн хэрэгт авагдсан материалтай танилцуулаагүй зэрэг нь шүүхэд авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараас тодорхой байгаа нь хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан холбогдогчийн эрхийг эдлүүлээгүй байна гэж Анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй боловч анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ гомдол гаргагчийн хүлээн зөвшөөрч байгаа зөрчилд “...хэргийн оролцогчдын маргаагүй хэсэгт дүгнэлт өгөхгүй байх нь зөв гэж шүүх үзэж, маргасан хэсгүүдэд заасан зөрчлийн тогтоогдсон байдал буюу татвар ногдуулалт төлөлтийн байдалд дүгнэлт өгөхгүйгээр гомдлын шаардлагыг хэсэгчлэн хангаж...” хэмээн дүгнэсэн байтал шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “...маргаан бүхий шийтгэлийн хуудасны 1, 3, 5 дахь хэсэгт хамаарах зөрчилд оногдуулсан 210,764,838.80 төгрөгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгосугай.” хэмээн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг ойлгомжгүй байдалд хүргэсэн  байх тул шийдвэрийн тус хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Харин “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”-д дурьдагдсан зургаан зөрчлийн хоёр, дөрөв, зургадугаарт дугаарлагдсан зөрчлийн талаар гомдол гаргагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байхад анхан шатны шүүх тухайн зөрчлүүд нь татварын тухай хууль тогтоомж зөрчсөн эсэх талаар дүгнэлт хийлгүйгээр хэрэгсэхгүй /холбогдох хэсгийг хүчингүй/ болгож шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтыг дутуу үнэлж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй боловч нэгэнт хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж,  хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн 2 дугаарт тусгагдсан зөрчлийн тухайд:

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд албан татварын тэг /”0”/ хувь хэрэглэх нөхцлүүдийг заасан бөгөөд 12.1 “Экспортод гаргасан дараах, бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна”, 12.1.1 “Монгол улсын нутаг дэвсгэрээс экспортод гаргасан, гаалийн байгууллагад мэдүүлсэн бараа”, 11.2 “энэ хуулийн 7.1.3-т заасан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулан албан татварын хувь тэг /”0”/-тэй тэнцүү байна”, 7.1.3 “Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, мөн уг хуулийн 4.1.2 “бараа” гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн хөрөнгө”, 4.1.1 “борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил, гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх”, Гаалийн тухай хуулийн 113.1 “хилийн чанадад гаргах горимд байршуулсан бараанд гаалийн байгууллага экспортын гаалийн болон бусад татвар ногдуулж, хураан авч, улсын төсөвт төвлөрүүлнэ” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл “ТМ” ХХК-аас хэрэглээгүй тоног төхөөрөмж, эд ангийг Гаалийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.2 “барааг хилийн чанадад гаргах” горимын дагуу гаалийн бүрдүүлэлтийг хийж, үйлдвэрлэгч болох КЛ Корпорацитай байгуулсан гэрээнд заасан үнээр буцаан худалдаж экспортод гаргасан дээрх тоног төхөөрөмж, эд ангийн борлуулалтад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасан тэг /”0”/ хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна гэсэн заалтын хүрээнд үйлдэл хийсэн нь гомдол гаргагчаас шүүхэд ирүүлсэн “Сэлбэг буцаан худалдах гэрээ” болон 2013-2017 онуудад “ТМ” ХХК-аас К.Л-д Корпораци руу экспортод тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл гаргасан гаалийн мэдүүлгүүдээр нотлогдож байна.  

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй”, 14.6.4 “тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил үйлчилгээ” гэсэн заалт нь Гомдол гаргагчийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд албан татвар ногдох бараа болох тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэгч байгууллагад буцаах замаар экспортод гаргасан үйл ажиллагаанд хамааралгүй зохицуулалт байна.

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн 4 дүгээрт тусгагдсан зөрчлийн тухайд:

Уг тэмдэглэлд ТМ ХХК нь хувийн хэрэглээний худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч тооцоогүй зөрчил гаргасан гэж үзэж 6,971,836.00 төгрөгийн нөхөн татвар, 1,980,280.30 төгрөгийн торгууль, 1,189,015.70 төгрөгийн алданги ногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч, тус компанийн ажилчдын албан томилолтын зардал болох томилолтын үеийн хоол, унаа, зочид буудлын төлбөр; ажилтнуудын мэргэжил, ур чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор байгууллагын номын санд худалдан авсан ном, сэтгүүл болон компаниас бизнесийн хамтрагч, харилцагчиддаа идэвхжүүлэх зорилгоор гаргасан маркетингийн зардлуудыг хувийн хэрэгцээний зардал гэж үзэхгүй тул “дотоодын зах зээлээс нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр худалдан авсан бараа” бараа гэж үзэж нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тайлагнасан гэж маргажээ.  

            Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй”,14.6.2 “хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ” гэж заасан.

Дээрх хуулийн заалт болон, хариуцагчийн зүгээс Гомдол гаргагчийн маргаж буй дээрх зөрчил, түүний үндэслэлийн талаар бичгээр хариу тайлбар шүүхэд гаргаж өгөөгүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ талаар тайлбар хийгээгүйгээс үзвэл хариуцагчийн тогтоосон гэх дээрх зөрчил нотлогдохгүй байх бөгөөд хариуцагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох” үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн 6 дугаарт тусгагдсан зөрчлийн тухайд:

ТМ ХХК-аас ОТ ХХК-д нийлүүлсэн хүнд механизм, эд ангийг хямд үнээр нийлүүлсэн үндэслэлээр татварын байцаагч нарын тогтоосон зах зээлийн үнийн зөрүүгээр нэмэгдсэн өртгийн албан татвар төлүүлэхээр шийдвэрлэсэн мөн КЛ Корпорациас олгосон үнийн нөхөн олговорт нийт 3,210,181,005.10 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн ногдуулж, 963,054,301.60 төгрөгийн торгууль, 560,859,988.30 төгрөгийн алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл РТ болон КЛ Корпорацийн хооронд байгуулсан глобал гэрээний дагуу КЛ Корпорацид үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг РТ болон түүний хамаарал бүхий этгээдэд нийлүүлэх үнийг тохирсон байдаг. Дэлхийн аль ч улсад бүтээгдэхүүн нийлүүлэхэд энэ гэрээний үнийг баримтлах ёстой. ТМ ХХК нь КЛ Корпорацийн албан ёсны диллерын хувьд РТ-ын хамаарал бүхий компанид КЛ-д Корпорацийн бүтээгдэхүүн нийлүүлэхдээ дээр дурдсан гэрээний дагуу нийлүүлэх үүрэгтэй.

Энэ нь РТ ХМЕ 2009, Дотоод дилерийн гэрээнд туссан. Энэ гэрээний дагуу ТМ ХХК-ээс гэрээнд заасан үнээр “ОТ” ХХК-д нийлүүлдэг байна. Гэрээний үнийг КЛ-д Корпораци глобал байдлаар тогтоосон учраас КЛ Корпорациас үнийн нөхөн олговрыг зарим дилерүүдэд олгодог. Гэхдээ үнийг мөнгөн хэлбэрээр олгодоггүй. Дараагийн захиалсан бүтээгдэхүүний өртгийг бууруулах байдлаар олгодог. Нөхөн олговор авсныхаа хариуд ТМ ХХК-аас КЛ Корпораци-д ямар нэг байдлаар бараа, ажил, үйлчилгээ борлуулдаггүй.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 “Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ”, 4.1.1 “борлуулалт гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг”, 4.1.2 “бараа гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн хөрөнгийг”, 4.1.3 “ажил гэж Иргэний хуулийн Гучин нэгдүгээр бүлэгт заасан ажил гүйцэтгэх гэснийг”, 4.1.4 “үйлчилгээ гэж бараа борлуулах, ажил гүйцэтгэхээс бусад аливаа үйл ажиллагаа” гэж ойлгохыг тус тус заажээ.   

Уг хуулийн заалтаас үзэхэд ТМ ХХК-аас КЛ Корпораци-д ямар нэг бараа, ажил, үйлчилгээ борлуулаагүй тул К-аас авсан нөхөн олговор нь Монгол Улсын  НӨАТ-ын тухай хуулийн үйлчлэх хүрээнд хамааралгүй юм. Иймд КЛ Корпорациас ТМ ХХК-д олгосон үнийн нөхөн олговорт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Татварын байцаагч нар КЛ Корпорациас ТМ ХХК-д олгосон нөхөн олговортой холбогдуулан ТМ ХХК, ОТ ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний үнийг зах зээлийн үнэ биш гэж үзэж, нөхөн олговорыг ТМ ХХК, ОТ ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний үнэ дээр нэмэх байдлаар борлуулсан тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн үнийг “жишгээр тооцож”, уг үнээс НӨАТ нөхөн ногдуулж, торгууль алданги тооцсон байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Дараах тохиолдолд албан татвар тооцох үнэлгээг харьяалах татварын албан тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифийг үндэслэн тодорхойлно”, 9.2.1 “борлуулсан бараа, ажил, үйлчилгээний үнэ, тариф тодорхойгүй”, 9.2.2 “бараа, ажил, үйлчилгээг харилцан солилцсон”, 9.2.3 “харилцан хамаарал бүхий этгээдүүд үнэгүй, эсхүл зах зээлийн үнээс хямд буюу өндөр үнэ, тарифаар хоорондоо бараа, ажил, үйлчилгээ борлуулсан” гэж заажээ. НӨАТ-ын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан дээрх 3 нөхцлийн аль нэг бий болсон тохиолдолд л байцаагч нар НӨАТ-ын зорилгоор хэлцлийн үнийг жишгээр тооцох эрх татварын байцаагчид олгогдсон байна. Харин эдгээр нөхцөл бүрдээгүй бол гэрээний үнийг зах зээлийн биш гэж үзэх эрхийг байцаагч нарт хуулиар олгоогүй.

Гомдол гаргагч нь нэгд: ТМ ХХК болон ОТ ХХК-д борлуулсан хүнд механизм, эд ангийн үнэ нь РТ ХММ 2009 Гэрээний дотоод дилерийн нэмэлт гэрээ болон Дистрибьюторийн Гэрээнд тодорхой туссан, хоёрт: Борлуулсан хүнд механизм, эд ангийн үнийг ОТ ХХК нь мөнгөөр шилжүүлдэг бөгөөд холбогдох банкны хуулгуудыг шүүхэд гаргаж өгсөн, гуравт: ТМ ХХК болон ОТ ХХК нь харилцан хамааралтай этгээдүүд биш бөгөөд хариуцагч үүнийг тогтоосон ямар нэг нотлох баримт шүүхэд өгөөгүй зэргээс харахад татварын байцаагч нь ТМ ХХК-аас ОТ ХХК-д нийлүүлсэн барааны үнийг зах зээлийн биш үнэ гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл ТМ ХХК-аас ОТ ХХК-д борлуулсан хүнд механизм, эд ангитай холбогдох ажил гүйлгээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан нөхцөл үүсээгүй тул барааны үнэ буюу албан татвар тооцох үнэлгээг татварын албанаас шинээр тогтоож, нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн ногдуулах эрх зүйн үндэслэл бүрдээгүй байна.  

Иймд “ТМ” ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч татварын улсын байцаагч Х.Н, Ж.Э нарын 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 0300314 дүгээр шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийн хуудасны 2, 4, 6 дахь хэсэгт хамаарах зөрчилд оногдуулсан 5,586,766,290.00 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгож, үлдэх хэсэг болох маргаан бүхий шийтгэлийн хуудасны 1, 3, 5 дахь хэсэгт хамаарах зөрчилд оногдуулсан 210,764,838.80 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 304 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 11.19 дүгээр зүйлийн 3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.1, 1.5, 6.6 дугаар зүйлийн 1.1, 4.15 дугаар зүйлийн 1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 4.1.3, 4.1.4, 7 дугаар зүйлийн 7.1.3, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.1, 9.2.2, 9.2.3, 11 дүгээр зүйлийн 11.2, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1, 14 дүгээр зүйлийн 14.6, 14.6.4, Гаалийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.2, 113 дугаар зүйлийн 113.1-д тус тус заасныг баримтлан “ТМ” ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч татварын улсын байцаагч Х.Н, Ж.Э нарын 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 0300314 дүгээр шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийн хуудасны 2, 4, 6 дахь хэсэгт хамаарах зөрчилд оногдуулсан 5,586,766,290.00 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгож, үлдэх хэсэг болох маргаан бүхий шийтгэлийн хуудасны 1, 3, 5 дахь хэсэгт хамаарах зөрчилд оногдуулсан 210,764,838.80 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                          Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                          Д.ОЮУМАА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.