Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-29
Дугаар 493
Хэргийн индекс 109/2017/0018/З
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн
Нэхэмжлэгч Г.Б
Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн албан хаагчийн хөдөлмөр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 176.2.3.магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх
Шийдвэрийн товч

Г.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 109/ШШ2017/0036 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0580 дугаар магадлалтай, Г.Б-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 109/ШШ2017/0036 дугаар шийдвэрээр: Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.4.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б-аас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Г.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/31 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0580 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 109/ШШ2017/0036 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Г.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/31 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Г.Б нь тус аймгийн Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажилласан. Г.Б нь Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/98 дугаар аймгийн Засаг даргын захирамжаар түр томилогдон ажиллаж байгаад, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/57 дугаар захирамжаар жинхлэн томилогдсон. 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Г.Б нь аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан байдаг.

Нэг. Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн 2014-2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Н.Саранцэцэг шалгалтыг явуулж, 5 актыг тавьсан бөгөөд актаар 26,478,542 төгрөгийн зөрчил илэрдэг. Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад зөрчлийн зарим нь Г.Б-ыг тус сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаанд гарсан зөрчил болохоо өөрөө тайлбарладаг бөгөөд Төсвийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байдаг.

Хоёр. Төсвийн ерөнхийлөн захирагчаас 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж, Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Б-ын цалинг 3 сарын 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “...D үнэлгээ гэсэн үнэлгээг гэрээнд заасны дагуу дутагдалтай гэж ойлгохоор байна.” гэжээ. Хэдийгээр гэрээнд үнэлгээг тогтоохдоо маш сайн, сайн, хангалттай, дутагдалтай, хангалтгүй гэсэн боловч иргэн Г.Б-ын үнэлгээ нь бодит байдалд 68.7 хувь буюу дутагдалтай гэсэн үнэлгээ илэрхий байна. Үүнийг захирамжид бичгээр буулгахад “гэрээгээр хүлээсэн үүргээ дутагдалтай биелүүлсэн” гэж бичээгүй нь тухайн иргэнийг хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны, хууль дээдлэх зарчмаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс шударга ёсны зарчмыг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж, хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Аймгийн Засаг дарга нэхэмжлэгч Г.Б-ын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн зүйл байхгүй. Харин ч хариуцагчаас Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “...шударга ёс, ... хууль дээдлэх ...зарчим мөн”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд “...шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж заасны дагуу нотлох баримтуудыг үндэслэж, иргэн Г.Б-д зохих хариуцлагыг тооцсон. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан улсын байцаагчийн актууд болон 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлт зэрэгт ямар ч дүгнэлт хийлгүйгээр хэт нэг талыг барьж, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа тул хэргийг хянаж, давж заалдах шатны шүүхийн магадлалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга, Боловсрол, соёлын газрын дарга нартай 2016 онд хамтран ажиллах талаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, төсвийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалтын бус зарцуулсан нь Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны хяналт шалгалтаар тогтоогдсон гэсэн үндэслэлээр Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Б-ын сарын үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг Архангай аймгийн Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Г.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/31 дүгээр тушаалаар ногдуулсан байна.                                                                                                    

Хариуцагч дээрх тушаалыг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсгийг тус тус баримталжээ.

Архангай аймгийн Хайрхан сумын бүрэн дунд сургуулийн 2014-2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж 26,476,542 төгрөгийн нөхөн төлбөр тогтоогдсон, уг санхүүгийн зөрчилтэй холбоотой асуудлыг хариуцагч аймгийн Засаг дарга 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мэдсэн байна. Өөрөөр хэлбэл хариуцагч аймгийн Засаг дарга нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Г.Б-д сахилгын шийтгэл ногдуулах нэг үндэслэл болох “төсвийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалтын бус зарцуулсан” зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасантай нийцэхгүй гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г.Б-ын 2016 оны ажлын үр дүнгийн гэрээний биелэлтийг тус аймгийн Засаг дарга дүгнэж, 68.7 оноо буюу “D” үнэлгээ өгчээ. Үр дүнгийн гэрээнд “D” буюу “Дутагдалтай” үнэлэгдвэл төсвийн ерөнхийлөн захирагч уг үнэлгээг үндэслэн албан тушаал бууруулах, албан тушаалын цалинг бууруулах, сахилгын шийтгэл ногдуулах гэж заасны дагуу нэхэмжлэгчид “сарын үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсныг шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин давж заалдах шатны шүүхээс Г.Б-ын үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээ 68.7 хувь буюу “D” гэж дүгнэгдсэн байхад маргаан бүхий захиргааны актад “гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн” нь “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-д нийцээгүй гэж маргааны үйл баримтыг буруу тайлбарлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль бус байна.

Тухайн тохиолдолд хариуцагч, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна”, 40.4.2-т “хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох” гэж заасны дагуу үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн нэхэмжлэгчид гэрээнд заасан хариуцлага ногдуулсан нь хууль зөрчөөгүй байна.

Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0580 дугаар магадлалыг хүчингүй болгож, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 109/ШШ2017/0036 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                                     Х.БАТСҮРЭН

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.